Оролцогч, үзэгчээр дүүрэн “BARILGA EXPO 2019” нээлтээ хийлээ

Барилгын салбарын бүтээн байгуулалт ид өрнөж буй энэ цаг үед салбарынхаа бүхий л хэрэгцээт мэдээллийг нэг дор цогцлоож чаддаг Монголын хамгийн олон оролцогч, үзэгчтэй “BARILGA EXPO 2019” олон улсын үзэсгэлэн, яармаг нээлтээ хийлээ.


 “Барилга Эм Эн” ХХК-аас санаачлан Барилга, хот байгуулалтын яам, Монголын Барилгын үндэсний ассоциаци, Барилгын хөгжлийн төвөөс хамтран 12 дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн үзэсгэлэнд БХБЯ – ны сайдын зөвлөх Н.Ганбаатар, “Барилга.ЭМ ЭН” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Батсүх, Монголын Барилгын үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Мальдив Улсын Барилгын үйлдвэрлэлийн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч, Ази ба баруун номхон далайн орнуудын гэрээлэгчдийн ассоциацийн олон улсын нийгэмлэгийн ерөнхийлөгч Мохамед Али Жана болон холбогдох албаны бусад хүмүүс оролцон ёслолын ажиллагааг нээж үг хэллээ.



Барилгын материал дэвшилтэт технологийг танилцуулж буй энэ удаагийн үзэсгэлэн яармагт монголын барилгын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудаас гадна манай улсын зах зээлд нэвтэрч, шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнээ танилцуулах зорилгоор Итали, Герман, Польш, Чех, Турк, Япон, Солонгос, Орос,  Хятад, Тайван зэрэг орны тэргүүлэгч үйлдвэрлэгчид зэрэг 220 гаруй байгууллага, аж ахуйн нэгж оролцож үйл ажиллагагаа, бараа бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Тодруулбал, барилга, байгууламжийн суурь тавихаас эхлээд түлхүүр хүлээлгэн өгөх хүртэлх бүхий л хэрэгцээт материалыг олж авах боломжтой. Цаашилбал, амины орон сууц, хаус барихад хэрэгтэй, шаардлагатай бараа материал, мэдээ мэдээллийг хөнгөлөлт урамшууллын хамт авах юм.


Мөн үзэсгэлэнгийн үеэр “Барилга Эм Эн” ХХК –ийн Ерөнхий захирал Г.Батсүх, Тайваний “Тайвань Трейд Шоу” байгууллагын ерөнхийлөгч Виллиам Чой нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.



Түүнчлэн БХБЯ, МБҮА, МБМҮХ, “Барилгачин групп”, “Барилгын сургалт хөгжлийн академи”-с холбогдох сэдвүүдийн дагуу үнэ төлбөргүй сургалт семинар зохион байгуулж байна. Барилгын тусгай зөвшөөрөл хэрхэн авах, барилгын материалын өнөөгийн чиг хандлага, шинэ бүтээгдэхүүн, технологи танилцуулах сургалт, амины орон сууцны шийдлүүдийн танилцуулга, ХАБЭА-н ажилтанд тавигдах шаардлага гэх мэт сонирхолтой олон сэдвийн хүрээнд мэргэжлийн хүмүүсийн илтгэл тавигдаж байна.



Хэрэгцээт мэдээ мэдээлэл, бараа бүтээгдэхүүнийг сонирхохын зэрэгцээ онцгой хөнгөлөлт урамшууллыг зөвхөн эндээс л авах боломжтой. Тухайлбал, “Өрнөх хүч инженеринг” ХХК - иас цахилгаан шат худалдан авалт бүрт 20-50 хувь, “Puzzlehaus” ХХК гадна хамгаалалтын ган хаалга болон өрөө хоорондын модон хаалгыг 10-20 хувь, “Комплант” ХХК  лего блок болон ханын хавтан 1,000-аас дээш ширхэгийг худалдан авбал 20 хувь, “ТОТ КОМ СЕРВИС" ХХК ус цэвэршүүлэгч, шалны халаалт, лифтыг 10 хувь гэх мэтчилэн хөнгөлөлт урамшууллыг зөвхөн энэ өдрүүдэд л олгоно гэдгийг дуулгахад таатай байна. Иймээс Монгол Улсын бүтээн байгуулалтын эзэд болсон барилгын салбарынхан, хувийн орон сууц, үл хөдлөх хөрөнгөө засварлах, шинээр барих, худалдан авах гэж буй хувь хүн, албан байгууллага та бүхнийг  энэ сарын 28 хүртэл үргэлжлэх үзэсгэлэн, яармагт хүрэлцэн ирэхийг урьж байна.